Mobilife: Амьдралын даатгалын салбарт шинэ жишиг тогтооно
2025-08-20

Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобиком групп хэрэглэгчдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, санхүүгийн хамгаалалтыг илүү хүртээмжтэй болгох зорилгоор шинэ үеийн, дижитал амьдралын даатгалын брэнд “Mobilife” төслийг Монголын зах зээлд тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мобиком групп нь энэ төслийг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Инвескор Санхүүгийн Группийн охин компани болох Инсур ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагаагаар амьдралын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар, шуурхай байдлаар хүргэж, дэлхийн стандартыг Монголын даатгалын салбарт нэвтрүүлэх юм.
Цаашлаад Монгол Улсад нэвтрээгүй шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг үе шаттай нэвтрүүлэх, хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг актуар, андеррайтинг, нөхөн төлбөр, хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлэн даатгалын салбарт шинэ соёлыг бий болгох, Мобиком групп болон Инвескор Санхүүгийн Группийн улс орон даяарх борлуулалт, үйлчилгээний дэд бүтцийг ашиглан амьдралын даатгалын үйлчилгээг хэрэглэгчдэд хурдан, шуурхай, найдвартай хүргэхээр зорьж байна.

Стратегийн энэхүү түншлэл нь олон зуун мянган өрхийн эрсдэлийн хамгаалалтыг сайжруулж, ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, амар тайван, итгэл дүүрэн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх юм.
Инвескор Санхүүгийн Групп нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээгээрээ Монгол Улсдаа тэргүүлэгч, Лондоны хөрөнгийн бирж (LSE)-д бүртгэлтэй анхны Монгол санхүүгийн компани юм.
Инсур ХХК нь 2019 оноос хойш даатгалын салбарт технологи хөгжүүлсэн туршлагатай хамт олон бөгөөд 100% охин компани болох Коннект лайф даатгал ХХК -ийг байгуулж 2025 оны 7-р сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 283 тогтоолоор Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аваад байна.

